ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ
Жил бүрийн 4 дүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр". Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж байна. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулж ирсэн билээ.
2021 оны хөл хорионы энэ цаг үед "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим аяныг зохион байгуулж байна. Цахим аяны хүрээнд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг заан сурталчилсан постер, мэдээ мэдээлэл боловсруулан хүргэж байгаа. Мөн эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх теле зөвлөгөөг хүргэж байна.
Маргааш буюу 4 сарын 30-ны өдөр зохион байгуулагч байгууллагуудын нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан үлгэр жишээ гэр бүлүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга туршлагаас Та бүхэнтэй хуваалцах болно. Аяныг 2021 оны 4, 5 дугаар сард зохион байгуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад хүмүүжлийн эерэг аргын мэдээ, мэдээллийг хүргэхээр зорьж байгаа юм.
Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргаснаараа нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” хэмээн заасныг сануулан, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна.