“Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн Удирдах хорооны хурал болов
Европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал болж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Удирдах хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар хамтран даргалав.

Хурлыг нээлтийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бодлоготой уялдсан төсөл хэрэгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн мэргэжлийн боловсролын сургалтад түшиглэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал бөгөөд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв. Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байгаа нь тэгш бус байдлыг устгах тухай Тогтвортой хөгжлийн зорилт 10-тай уялдаж байгааг онцоллоо.
Удирдах хорооны хуралд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Наранцогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Үндэсний аудитын газрын дэд дарга Н.Эрдэнэцэцэг, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.
Дээш