Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурал боллоо
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж 2020 оны үйл ажиллагааны системчилсэн үнэлгээний тайлангийн танилцуулгыг хэлэлцэв.
Хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа удирдлаа. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь Дэлхий нийтийг хамарсан KОВИД-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчдын санхүүгийн хүндрэлийг шийдэх зорилгоор УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав.
2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч, үүнээс 156.5 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, нийт дүнгээр 914.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Мөн хуулийн хүрээнд ажилгүйдлийн даатгалын сангаас 7.3 мянган аж ахуйн нэгжийн 80.9 мянган даатгуулагчид 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна.
Цаашид Засгийн газраас дэвшүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж ил тод, шуурхай болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан 2021 оныг нийгмийн даатгалын салбарын хэмжээнд “Эерэг хандлага-цахим үйлчилгээний хөгжүүлэлтийн жил” болгон ажиллахаар төлөвлөж байна.
Дээш