Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад шинжлэх ухааны үндэслэл тооцоо, судалгаатай байх боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа билээ.
Зах зээл өндөр хөгжсөн орнууд орчин үед системийн динамик загварчлалыг удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл болгон ашигладаг. Энэ нь аливаа системийн бүтэц, динамикийг тусгай программ хангамжийн тусламжтайгаар схемчлэн зурж, эрсдэл, үр дагаварыг урьдчилан харах боломжийг олгодогоороо чухал ач холбогдолтой байдаг.
Хөдөлмөрийн салбарт “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулснаар хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хадгалах, ажлын байрыг бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн ойрын болон дунд хугацааны бодлого, зохицуулалтын зөв, оновчтой шийдвэрийг шинжлэх ухааны үнэдэслэлтэйгээр гаргах боломжтой болох юм.
Энэхүү динамик загвараар Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдалд олон хувьсагч параметрүүдийн нөлөөллийг нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт гэсэн үндсэн 3 секторын хүрээнд тооцоолох ажил хийж байна.
Ажлын хэсгээс өнөөдөр динамик загвар боловсруулах ажлын явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар зөвлөлдөн, ирэх 5 дугаар сард загварчлалын төслийг олон нийтэд танилцуулахаар хамтран ажиллаж байна.
Дээш