ХНХЯ-ны удирдлагууд ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Бид өнгөрсөн жилийн хугацаанд халамжийн гэхээс илүүтэй та бүхнийг нийгэмд идэвхи санаачлагатай байх, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нээж өгсөн "Ахмад настны тухай хууль"-аа УИХ-аар батлууллаа. Хуулийн хүрээнд бид ахмадууддаа анх удаа “Насны хишиг” олгодог боллоо.
Шинэчлэн батлагдсан хуулиар сум, хороо, баг, тосгонд "Ахмадын өргөө" байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгоод байна. Мөн ахмадын кабинет, ахмад настны эмчтэй болох асуудлыг "Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах"-аар “Ахмад настны тухай хууль”-даа тусгалаа. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг шат дараалсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Ахмадууд та бүхэн өөрийн тэтгэврээ дурын банкаараа сонгон авах боломжийг бий болголоо. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болгож буурууллаа. Богино хугацааны буюу 6 сар хүртэлх тэтгэврийн зээлийг бид ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхлээд байна. Ингэснээр ахмадууд маань өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамтаас бага ч гэсэн чөлөөлөгдсөн гэх зэрэг олон ажлуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан хийж хэрэгжүүлсэн гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна.
Эдгээрээс гадна өнгөрсөн жил та бүхний зүгээс бидэнд тавьсан хүсэлтийн дагуу яамныхаа байранд ахмадууддаа зориулсан өрөөг тусгайлан гаргаж, бэлтгэлээ. Та бүхэн яамныхаа өрөөгөөр байнга орж гарч, бид бүхэнд өөрсдийнхөө үнэтэй сургамж зөвлөгөөнүүдээ харамгүй хайрлаж байхыг хүсье" гэлээ.
Мөн “Ахмад настны хөгжил хамгаалал” үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт ахмадуудаа саналаа тусгаж, хамтран ажиллахыг хүслээ.