Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн Аж байдлын хорооны 65 дугаар чуулганд оролцлоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн Аж байдлын хорооны 65 дугаар чуулган нь энэ сарын 15-26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Чуулган “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, хүчирхийллийг таслан зогсоох болон олон нийтийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулж, шийдвэр гаргалтыг дэмжих нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа юм.
Энэ удаагийн чуулганыг Зүүн европын гишүүн орнуудын бүлгээс Армен Улсын төлөөлөгч Мхер Маргариан удирдан явуулж байгаа бөгөөд улс орнуудын сайд нар, олон улсын байгууллагуудын тэргүүн зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь чуулганы хүрээнд зохиогдсон сайд нарын дугуй ширээний уулзалт, ерөнхий хэлэлцүүлэгүүдэд оролцож, охид эмэгтэйчүүдийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хууль эрх зүйн хүрээнд зохих зохицуулалтыг хийж, квотын систем нэвтрүүлснээр УИХ болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүдийн оролцоонд эерэгээр нөлөөлсөн талаар онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн энэ удаагийн чуулганы нэг онцлог нь 03 дугаар сарын 23-ны өдөр манай улс “Эмэгтэйчүүдийн эрх мэдэлжүүлэлт болон тогтвортой хөгжлийн уялдаа” сэдвийн хүрээнд сайн дурын илтгэлээ танилцуулсан явдал байлаа. Сайд А.Ариунзаяа Засгийн газрыг төлөөлж сайн дурын илтгэлийг танилцуулан, хэлэлцүүлсэн бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “ Монгол Улс нь олон улсын хүний эрхийн суурь зарчим, стандартуудыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг бүрэн дэмждэгийн хувьд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх олон улсын гэрээ, хэлцэлд нэгдэн орж, эдгээртэй нийцүүлэн Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгон ажиллаж байгааг илэрхийллээ. Хууль эрх зүйн хүрээнд гаргасан ололт амжилтууд болон түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар цохон тэмдэглэв. Мөн Засгийн газраас жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах зорилгоор холбогдох яамд болон орон нутгийн төвшинд хэрэгжилтийг хангах дэд хөтөлбөрүүүдийг боловсруулан хэрэгжүүлж, шаардлагатай төсөвлөлт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар онцолсон юм.
Жендэрийн тэгш байдлыг хангах нь салбар хоорондын асуудал бөгөөд сайн дурын илтгэлийг боловсруулах, танилцуулан хэлэлцүүлэхэд Гадаад харилцааны яам, Жендэрийн үндэсний хороо болон Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллалаа.
Чуулганы төгсгөлд хүний эрхийн чиглэлээрх олон улсын норм стандартад нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид гишүүн орнууд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаарх үр дүнгийн баримт бичиг гаргана.
Дээш