Иж бүрэн тохижуулсан Шалгалтын төв, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх Мультимедиа студитэй боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв иж бүрэн тохижуулсан Шалгалтын төв, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх Мультимедиа студитэй болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд “Цар тахлын нөхцөл байдлын үед цахим сургалт маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг дэмжиж Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдад зориулсан цахим хичээл хэрэглэгдэхүүн бэлтгэх нөхцөлөөр хангаж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм. Мөн халамжаас хөдөлмөрт шилжихэд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш, суралцагчид, сургалтын чанар, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлов. Үүнээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод та бүхнийг салбарын хэмжээний Шалгалтын төв болон Мультимедиа студитэй хамтран ажиллахыг урьсан юм.
Шалгалтын төвийг Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-өөс санхүүжүүлсэн бөгөөд иж бүрэн тохижуулж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангав. Тус төвд Мэргэшлийн түвшин тогтоох онолын үнэлгээг тестийн сан, онлайн шалгалтын систем ашиглан зохион байгуулна.
Мөн мэргэжлийн сургалтын байгууллагын ижил мэргэжлээр төгсөгчдийн онолын мэдлэгийн үнэлгээ, иргэний мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээг графикийн дагуу зохион байгуулах юм.
Шалгалтын төв нь сургалтын хоёр танхимтай бөгөөд Мэргэжлийн зөвлөл, холбоод ажил олгогч нар салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг чанар, хүртээмжтэй зохион байгуулах ая, тухтай орчин бүрдлээ.
Харин ХБНГУ, Австрали, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын Мультимедиа студийг байгуулав.
Танхимын сургалт завсардсан цар тахлын энэ үед цахим сургалт, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, зайн сургалт нь нэн чухал болж байгаа төдийгүй цаашид ч бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болох хандлагатай байна. Тиймээс, зөөврийн болон студийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон манай мултимедиа студи нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанартай цахим сургалтыг бий болгох нэн чухал дэд бүтэц нь болж байгаа юм.
Мөн салбарын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залууст мэргэжлийн боловсролын онцлог, давуу тал, үнэ цэнэ, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрийг таниулахад чиглэгдсэн контентуудыг мэргэжлийн зөвлөл, холбоодтой хамтран бүтээх зэрэг үүрэг оролцоо чухал билээ.
Дээш