ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМУУДЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДАМЖ

Үндэслэл:

Манай улсын хүн ам насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог бөгөөд 2016 оны байдлаар нийт хүн амын 34.6 хувийг  15-34 насны залуучууд эзэлж байна. Залуучуудын эзлэх хувь 2030, 2040 он гэхэд өсөх хандлагатай бөгөөд манай улсад 2025 он хүртэл Хүн ам зүйн цонхны үе буюу хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам, залуучууд хамгийн их байх тааламжтай үе тохиож байгаа бөгөөд энэ үеийг үр дүнтэйгээр ашиглах оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Монгол Улсын Засгийн газраас залуучуудын эрх, хөгжил, хамгааллын асуудалд ихээхэн анхаарч залуучуудын асуудлаарх Засгийн газрын бүтцийг өргөжүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг, дүүрэгт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг байгуулан залуучуудын асуудлыг бүх шатанд хэрэгжүүлж, тэдэнд хүрч ажиллах боломж бүрдсэн.

Залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцны асуудлыг дэмжих зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг Улсын Их хурлаар батлуулан, 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулах бөгөөд 13 журмыг боловсруулан, 2017 оны 11 дүгээр сард багтаан холбогдох байгууллагуудаар батлуулах шаардлагатай юм.

Зорилго:

Шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах чиглэлээр бүтэц, механизмын талаар судлан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх 7 журмын  төслийг боловсруулахад уг зөвлөх үйлчилгээний ажлын зорилго оршино.

Гүйцэтгэх ажлын хамрах хүрээ:

  1. Шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах чиглэлээр одоо хэрэгжиж буй хөтөлбөр, бүтэц, механизмын талаар судлах;
  2. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг судлах;
  3. Залуучуудын асуудалтай холбогдсон манай улсын хууль эрх зүй, дүрэм, журмуудыг судлах, харилцан хамаарлыг судлах;
  4. Журам боловсруулах хүрээнд бусад улсын холбогдох дүрэм, журмыг судлах
  5. Холбогдох статистик мэдээллийг цуглуулан, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
  6. Журмуудыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм болон санхүүгийн салбарт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн үнэлгээ хийх;
  7. Журам боловсруулах нийтлэг шаардлагын дагуу журмуудын төсөл боловсруулах;

a.Нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөр зохицуулах журам /Хуулийн 8.1.6/
b.залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг сонгон шалгаруулах журам /Хуулийн 8.5/
c.Төрийн албаны сонгон шалгаруулах журам /Хуулийн 11.1.10/
d.Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам /Хуулийн 11.3/
e.Сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журам /Хуулийн 15.3/
f. Залуучуудын зөвлөлийн дүрэм /Хуулийн 22.2/
g. Залуучуудын хөгжлийг дэмжих сангийн дүрэм /Хуулийн 23.2/

  1. Журмуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн тооцоолол боловсруулах;
  2. Ажлын явц, үр дүнг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох саналыг журмын төсөлд тусган ажиллах;
  3. Зөвлөх нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан журмын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт журмын төслийг танилцуулан санал авч, тусгах;
  4. Ажлын явц, тайлан болон журмын төслийг захиалагч талд танилцуулах, эцэслэн хүлээлгэж өгөх;

Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн /журам тус бүрээр багцлах/:

  1. Журмуудын төсөл,
  2. Санхүүгийн тооцоолол,
  3. Холбогдох судалгаа, тоо баримт, статистик,
  4. Журмыг боловсруулах хүрээнд хийсэн судалгааны материал,
  5. Гадаад орны туршлага, холбогдох материал, журмуудын төсөлд ажлын хэсэг, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналын нэгтгэл, материал,
  6. Ажлын гүйцэтгэлийн тайлан

Хүлээлгэн өгөх бүх материал нь хэвлэмэл болон файл хэлбэрээр байна.


Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

Боловсрол:  Дээд, хүн ам, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

•    Туршлага:

  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Бодлогын баримт бичиг боловсруулж, шийдвэрлүүлж байсан туршлагатай;
  • Бодлого боловсруулах чиглэлээр судалгаа дүгнэлт хийж байсан  туршлагатай;
  • Хүний эрхийг хамгаалах, өсвөр үе, залуучуудын хөгжил, хамгаалал, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн.

    Хэлний ур чадвар: Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх

•    Мэргэжлийн ур чадвар:

  • Бодлогын баримт бичиг боловсруулах;
  • Бодлогын баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
  • Асуудал дэвшүүлэх, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Бүрдүүлэх материал:

•    Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
•    Өөрийн товч танилцуулга
•    Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар
•    Бүтээлийн жагсаалт
•    Ажил гүйцэтгэх төлөвлөгөө
Ажлын хугацаа:

•    Ажлын гүйцэтгэлийн үндсэн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ээс  2018 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд байна.
•    Ажил эхэлсэн өдрөөс журмуудыг батлагдах хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцоно.
Хяналт тайлагналт:

•    Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөөг боловсруулж захиалагчаар батлуулна.
•    ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга ажил гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийн явц, үйл ажиллагаанд хяналт тавина.  
•    Ажил гүйцэтгэгч нь ХНХЯ-ын холбогдох ажилтнуудтай байнгын холбоотой ажиллана.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

Дээш