ХНХЯ-ны дэргэдэх 80 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.
Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаад болон яамны ажилтан албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.
Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна.