Б.Дагвасүрэн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Олон улсын тогооч нарын тэмцээн 34 дэх жил зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсад анх удаа “CHINGGIS KHAAN’S CHALLENGE CUP 2017” нэртэйгээр 2017 оны 09 сарын 06-07-ын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Олон улсын тогооч нарын насанд хүрэгчдийн энэхүү тэмцээнийг Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын Кулинарын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.
Олон улсын тогооч нарын тэмцээн Төв Азид анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээний гол зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 10 дугаар сард болох "Дэлхийн ур чадвар"-ын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох, Технологийн Политекник коллежийн дөрөвдүгээр курсийн суралцагч Б.Дагвасүрэн олон улсын тэмцээний удирдамжийн нэг модуль /даалгавар/-иар оролцож, мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний шүүгчээр Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг улсын Олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Румын, Энэтхэг, Орос, Хятад улсын тогооч нар оролцсон байна.