Нэгдсэн Үндэстний Байгууллагын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох асуудлаар анхны цахим уулзалт боллоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Generation Unlimited түншлэлд нэгдэн орох асуудлаар анхны танилцуулга уулзалт өнөөдөр цахим хэлбэрээр боллоо. Уг уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд, тус түншлэлийн захирал асан Роберто Бенес, шинээр томилогдсон захирал Кэвин Фрэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон Generation Unlimited түншлэлийн холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уг түншлэлийг дэмжиж, нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы үеэр Generation Unlimited хөдөлгөөнийг 2018 онд байгуулагдсан ба 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм. Тус хөдөлгөөнийг хүлээн авагч олон улсын байгууллага нь одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан бөгөөд Дэлхийн банк, Африкийн Холбоо, Олон улсын харилцаа холбооны байгууллага (ITU), PWC, Microsoft зэрэг олон улсын байгууллага, хувийн хэвшил түншээр ажиллаж байна.
Тус хөдөлгөөн нь улс орнуудын залуучууддаа чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, сургалтын системийг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан дэмжих зорилготой. Энэ хүрээнд цахим харилцаа холбоо, зайны сургалт болон зайнаас ажил хөдөлмөр эрхлэх, сертификатжуулах, ажил хайлтын платформ, сэтгэцийн эрүүл мэнд, ногоон эдийн засаг зэрэг салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, Бангладеш Улсад 2030 он гэхэд 1 сая залуучуудыг боловсрол, сургалт, ажлын байраар хангах зорилго бүхий төслийг Бангладешийн Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк болон BRAC ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Дээш