Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын хуралдаан 2017.08.31-ний өдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасны нэг нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр"-ийг баталсан юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон байна.
Тав дахь удаагийн хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж, аюулгүй ажиллах хандлага, соёл төлөвшин, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжин, ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага дээшилнэ гэж Засгийн газар үзлээ.
Өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2012-2016 онд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга, хэлбэрийг төлөвшүүлэх, Үндэсний болон салбар хороо, орон нутаг дахь Зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон ажил хийжээ.
Энэ хугацаанд үйлдвэрлэлийн 1854 осол бүртгэгдэж, 1948 хүн өртөн 273 нь амь насаа алдсан байна. Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 332 тохиолдол бүртгэгджээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 онд хөдөлмөр эрхэлж байгаа 10.000 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол ноогдож байсан бол 2016 онд 2.9 болж буурсан байна.
Нийт ослын 44 хувь буюу 146 нь Улаанбаатар хотод, 21 хувь нь буюу 70 нь төвийн бүсэд, 13 хувь буюу 43 нь хангайн бүсэд, 9 хувь буюу 30 нь баруун, зүүн бүсэд гарчээ.