Монголын залуучуудын өдөр: Мэндчилгээ
МЭНДЧИЛГЭЭ
Өргөн дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөж буй Монголын нийт залуучууддаа залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе.
Жил бүрийн 08 дугаар сарын 25-ны өдрийг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монголын залуучууд бид амжилт ололтоор дүүрэн байлаа. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж, шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, бизнесийн салбарт залуучууд маань алдараа мандуулж, амжилтаа дархаллаа. Монгол Улс анх удаагаа “Залуучуудын хөгжлийг дэмжих” тухай хуультай боллоо. Энэ хуулийн хүрээнд залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах хөгжих орчинг дэмжих бодлогууд тодорхой боллоо. Бас бодлогын хэрэгжилтийг хэмжих шалгуур ч ойлгомжтой боллоо. УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагуудын залуучуудын өмнө хүлээх үүрэг ч тодорхой боллоо. “Залуучуудын хөгжлийг дэмжих” тухай хуулийн хүрээнд Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна.
Монгол Улсын Засгийн газар залуучуудаа ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой болгох талаар олон зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ зорилтуудаа хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн агентлагтай боллоо. Бүх аймаг, дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулж дуусахаар хичээн ажиллаж байна. “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн их, дээд сургуульд сурч байгаа залуучууддаа зориулж “Боловсролын зээлийн сан”-г шинээр байгууллаа. Ингэснээр оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай болсныхоо дараа боломжоороо, бага багаар буцаан төлдөг болох тогтолцоонд шилжлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төвлөрлийг бууруулах, орон нутгийн бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” шинэ төслийг эхлүүлж байна. Мөн хөдөөгийн залуучуудыг малжуулах, зорилтот бүлгийн залуучуудыг ажлын байраар хангах, шинээр бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих, бага хүүтэй зээл олгох ажлуудаа шинэ бодлогоор сэлбэн хэрэгжүүлж байна.
Цаашид бид залуу гэр бүлийг орон сууцаар хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг шинэ түвшинд гаргах, залуучуудад зориулсан цагийн ажлын тогтолцоог бэхжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх, гадаадаас авдаг ажиллагсдын тоог бууруулж залуусаа сургаж дадлагажуулах зэрэг олон зорилтоо цогцоор нь хэрэгжүүлэхээр хичээн ажиллах болно.
Амжилт бүтээл, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй Монголын залуучууддаа баярын мэндийг дахин хүргэж, ажил амьдрал нь тэгш дүүрэн байхыг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЫН САЙД
Н.НОМТОЙБАЯР