Н.Номтойбаяр: Асуудлыг урьдчилан зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий Зөвлөлийн 15 дугаар хурал эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 15 дугаар хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр,

"Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хурлын дарга аа,

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид, Монголын Үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо түүхт 100 жилийн хугацаандаа улс орныхоо хөдөлмөрийн олон талт харилцааг боловсронгуй болгох, ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг онцлон дурдмаар байна. 

Манай Засгийн газар төрийн бодлого шийдвэр гаргах үйл ажиллагаандаа иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн түншлэлүүд, төрийн бус байгууллагуудын оролцоог бүхий л түвшинд хангах зарчим барьж байна. Энэ бодлогынхоо хүрээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны оролцоог нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж, хамтын шийдвэр гаргаж ирлээ. 

Бидний хамтын шийдвэр, зөвшилцөл улс орны минь хөгжилд чухал хувь нэмэр болсоор ирлээ. Тухайлбал бид хамтдаа ярилцаж тэтгэвэр авагчдыг банкаа өөрсдөө сонгодог болголоо. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгалаа. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн хүүг нэмэгдүүлж ашиг орлогыг нь 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Туршилтаар, дагалдан, цагаар ажиллах иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан хуулчилж өглөө. Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг хамтраад бэлэн болголоо. Эдгээр хуулийн шинэчлэлийн хүрээнд гурвалсан харилцаа, зайнаас ажиллах, хөдөлмөрийн маргааныг богино хугацаанд зардал багатай шийдвэрлэх, цалин хөлсийг ур чадвар, ажлын бүтээмж, сахилга баттай нь хамааралтай болгох, тэтгэвэрт гарах хугацааг хувь хүнд уян хатан болгох, хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, мэргэжлийн боловсролын санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг хамтраад шийдвэрлэнэ. 

Бид уналттай, уруудалттай эдийн засгийг хүлээн авч өсөлттэй, ахиц дэвшилтэй болгож чадлаа. Эдийн засгийн энэхүү өсөлтийн үр шимийг хамгийн түрүүнд ард иргэд маань хүртэх ёстой. Тийм учраас ирэх жилээс тэтгэврийг нэмэгдүүлэхээ зарласан. Бас цалинг нэмэгдүүлэх бодлого боловсруулж байна. Энэ асуудал дээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, манай Засгийн газрын байр суурь нэг байгаа. Бид бас хамтраад Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний 5 дахь хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. 

Аливаа асуудлыг бий болсных нь дараа биш бий болохоос нь өмнө урьдчилан ярилцаж, зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго юм. Ийм хамтын ажиллагааны эцсийн үр дүнг иргэд, олон нийт л хүртдэг. Бид үүний төлөө хамтарч ажилласаар байх болно.

Түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоог иргэдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, улс орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмрийг дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ илэрхийлье.  

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбарууд, аймгийн үйлдвэрчний холбоод, анхан шатны байгууллагуудад болон олон мянган гишүүдийнх нь цаашдын ажилд амжилт хүсье! 

Анхаарлаа хандуулсанд баярлалаа" гэсэн юм.

Дээш