Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан бол гишүүд хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг асууж, тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Нийгэмд эрэлт хэрэгцээтэй, нийгмийн захиалгаар батлагдах гэж буй хууль гэж бодож байгаа. Манай улсын хэмжээнд 156 мянга орчим өрхийг эмэгтэйчүүд толгойлдог гэсэн дүн мэдээлэл бий. Сард 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл нь салдаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Бид энэ ээжүүддээ хандсан ажил хийх ёстой. Энэ хуулийн төсөл нь жирэмсэн эхчүүдийн болон, ихэр хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүд гээд амьдралын хүндийг нуруундаа үүрч яваа ачааг хөнгөлөх хуулийн төсөл орж ирсэнд нь баяртай байна. Хуулийн хэрэгжилт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ" гэж асуулаа.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсан. Энэ зорилтын гол зорилго нь хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой юм. Энэ дэмжлэгийг эхчүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх юм. Санхүү эдийн засгийн чадамжтай хамааруулаад эмэгтэйчүүдийнхээ санхүүгийн чадавхыг сайжруулах ёстой гэж үзсэн. Энэ хуульд ороогүй ч гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор эхчүүдийг гэртээ хөдөлмөр эрхлэх боломж бололцоог бий болгоно. Жижиг зээл олгохоор шийдвэрлээд байгаа.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд 72 тэрбум төгрөг шаардлагатай. Хууль батлагдвал 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ" гэж хариуллаа.
Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.