Гадаадад ажиллах хүч илгээх тухай
1.Гадаад улс орнуудад гэрээгээр ажиллах тухай
Япон Улсын ур чадварын дадлагажигч ажилтны хөтөлбөрт хамрагдах талаар
Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээх ажлыг хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна.
Иргэн та Япон улсад дадлагажигчаар ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв та:
- 18 нас хүрсэн,
- дадлага олгох мэргэжлээр ажилласан туршлагатай,
- япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бол Япон улсад дадлагажигч зуучлах эрхтэй байгууллагад хандаж болно.
Ур чадварын дадлагажигч нарт зориулсан гарын авлагыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
Зуучлагч байгууллага таныг Япон компаний ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эрүүл мэндээр тэнцсэн хүнд Японы компаниас оршин суух зөвшөөрлийг авч ирүүлнэ. Үүний дараа та зөвшөөрлөө Японы ЭСЯ-нд хүргүүлэн визээ хүснэ. Энэ олон шатны ажил зөвшөөрөлтэй байгууллагаас бүрэн хамаардаг тул та сайтар лавлаж тодруулах нь зүйтэй юм.
Зуучлах зөвшөөрөлтэй байгууллагад хандахдаа анхаарах мэдээллийг энд дарж үзнэ үү.
2021 оны 5 дугаар сарын байдлаар Япон улсад ур чадварын дадлагажигч зуучлах тусгай зөвшөөрөлтэй 74 байгууллага байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт хэсгээс татаж авна уу.
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах талаар
БНСУ-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна.
БНСУ-д ажиллах иргэнд:
- 18-39 настай байх
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх шаардлага тавигддаг.
БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Солонгос хэлний шалгалтанд тэнцэж, БНСУ-д ажиллах шаардлага хангасан иргэдэд ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог.