Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлтэй холбоотой болон зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрүүд
1. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдан хэрэгжсэнээс хойш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг 2011 онд шинэчлэн найрууллагаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан болно.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан /хөдөлмөрийн алба/, хөдөлмөрийн биржээс бүрдэнэ” гэж заасны дагуу хөдөлмөрийн салбарын удирдлага, зохион байгуулалтын бүтэц зохион байгуулагдаж ирсэн байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн хамтын удирдлагын гол бүтцийг дээрх хуулийн 27.2-д тодорхойлж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл нь нийгмийн зөвшилцлийн байгууллага байна гэж заасны дагуу үндэсний болон орон нутгийн түвшинд хөдөлмөрийн удирдага зохион байгуулалтын үйл ажиллагаа явагдаж ирсэн болно.
2011 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд 2012, 2013, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт орсон. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон асуудлаар зохих нэмэлт орсон боловч хөдөлмөрийн удирдлагын тогтолцоотой заалтууд тогтвортой хадгалагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
2. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл нь 2011 оноос шинэчлэн байгуулагдаж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулах болсон. Тухайлбал 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулагдсан байна. Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 350 тоот тогтоолоор үйл ажиллагаа явуулах Үндэсний зөвлөлийн дүрэмтэй болсон болно.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.4-д зааснаар “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг талуудын санал болгосноор Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар батлах бөгөөд үндэсний зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байна:
28.4.1.Засгийн газрыг төлөөлж хөдөлмөрийн, санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;
28.4.2.ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гурван хүн;
28.4.3.ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагаас гурван хүн” гэж заасны дагуу Сангийн яам, БСШУЯ, нийгмийн түншлэгч МҮЭХ, МАОЭНХ-ны зохих төлөөллийг оролцуулан шинэчлэн батлуулж ирсэн бөгөөд 2016 оны 38 тоот захирамжаар байгуулагдсан нийт 9 хүний бүрэлдхүүнтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь нийгмийн зөвшилцлийн байгууллага бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн заалттай болно. Үүнд:
- 28.8.1.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
- 28.8.2.төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, стратеги, хөтөлбөрийн талаар санал боловсруулах, хэлэлцэх, энэ хуулийн 6.3.1-6.3.4, 6.3.6-д заасан төсөл, хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
- 28.8.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тайлан, мэдээлэл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хийсэн хөндлөнгийн байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
- 28.8.4.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг хуваарилах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргах, тус сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
- 28.8.5.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хагас болон бүтэн жилийн санхүүгийн тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
- 28.8.6.хөдөлмөр эрхлэлтийн болон ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт, шинжилгээний дүнг хэлэлцэх, түүнд үндэслэн хууль тогтоомж, хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
- 28.8.7.гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөрийн хэмжээг тогтоох, тухайн жилд авах гадаадын мэргэжилтэй ажилчдын хэрэгцээг тодорхойлох асуудлаар зөвлөмж гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх зэрэг болно.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь хуульчлагдсан, орон тооны бус цомхон бүтэцтэй ажилладаг бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл нь орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг удирдлага зохион байгуулалтаар хангах үйл ажиллагааг явуулах чиг үүрэгтэй болно.
Үндэсний зөвлөлийн дүрмийн дагуу ажлын албаны үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гүйцэтгэж, орон тооны бус ажлын албаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ажлын албаны нарийн бичгийн дарга нь хариуцан зөвлөлөөр батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл жилд 2-оос доошгүй удаа хуралдаж, хүн амын бүлгүүд, ажил олоход хүндрэлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрийн талаар санал боловсруулах, хэлэлцэх, энэ хуулийн 6.3.1-6.3.4, 6.3.6-д заасан төсөл, хөтөлбөрийг хэлэлцэн батлах болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг хуваарилах, бүтэн жилийн тайланг хэлэлцэх, зөвлөмж гарган ажиллаж байна.
3. Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуулийн шинэчилсэн найрууллагын дагуу 2012 оны 01 тоот тогтоолоороо Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн дүрмийг баталсан бол 2017 оны 2 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталсан болно.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн 6.3.1-6.3.4, 6.3.6 заалттай холбоотой батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлүүдэд даалгасанаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явагдаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга нь Аймгийн Засаг дарга, гишүүд нь орон нутгийн ажил олгогч, ажилтны байгууллагын төлөөлөл, нарийн бичгийн дарга нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга байхаар дүрмийн дагуу зохицуулсан болно.
Зөвлөл аймаг орон нутгийн ИТХ, ЗДТГ болон Хөдөлмөрийн хэлтсийг холбосон гүүр бөгөөд хөдөлмөрийн асуудлаар тухайн орон нутагт хийгдэх бодлого, үйл ажиллагаанд нийгмийн зөвшлийн хуралдааны хэлбэрийг ашиглан хөдөлмөр эрхлэлийн хөтөлбөрүүдэд аль сум, дүүргийн хичнээн иргэд, аж ахуйн нэгжийг хамрагдах квотыг тогтоож, зохих зөвлөмжийг өгч ажилладаг нийгмийн зөвшлийн байгуулага болно.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлтэй холбоотой болон зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрүүдийг хавсралтаас үзнэ үү. Үүнд:
- “Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоол 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
- “Аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрэм батлах тухай” Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол № 02 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
- “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай” Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол № 01 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
- “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай” Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол № 03 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр