Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн, баталлаа
Коронавируст халдварын цар тахал дэгдэж, хүн амын дунд тохиолдол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, цар тахлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан.
Уг хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд уг хуулийн үйлчлэлд 10.0 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгдсэн болно.