Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлах Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт, Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөх журмын төсөлд санал авах тухай

Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд (хуучин нэрээр)-ын 2006 оны 18/03 тоот хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралтаар “Нийгмийн даатгалын санд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх заавар”-ыг баталсан.

Энэхүү тушаалаар баталсан 54 маягт, зааврыг нийгмийн даатгалын байгууллага мөрдөж ажиллаж байгаа ба байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орсон, зарим үйлчилгээ цахимжсан, зарим үйлчилгээг цахимжуулах шаардлагын үүднээс шинэчлэх хэрэгцээ шаардлага байна.

Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, 9.1, Засгийн Газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолын дагуу нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэгт байсан эрүүл мэндийн даатгалын эрхлэх асуудал Эрүүл мэндийн яамны харьяаны Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хариуцах болсон.   

Нийгмийн даатгалын байгууллагад байцаагч, ажилтнууд гараар хөтөлдөг байсан бүртгэлийн зарим маягтууд үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор ашиглагдахгүй болж байна.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1995-2005 онуудын 13 сая хуудас НД-7, НД-8 тайланг бүрэн цахимжуулсан нь зарим маягтыг ашиглах шаардлагагүй болох, эсвэл өөрчлөх шаардлагыг бий болголоо.

Иймд эрүүл мэндийн даатгалтай холбоотой 6 маягт, бусад нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбоотой 17 маягтыг тус тус хасч, улмаар үндсэн 31 маягт болон тэдгээрийг хөтлөх журмыг шинэчлэн боловсруулав.

Маягтыг шинэчлэн баталснаар дараах ач холбогдолтой болно. Үүнд:

  • Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик нүсэр ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдэх;
  • Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах боломж бүрдэх;
  • Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх;
  • Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх зэрэг тус тус болно.

“Маягт, журам шинэчлэн батлах тухай” төсөлд өгөх саналаа Baljirtsogt@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

“Маягт, журам шинэчлэн батлах тухай”  төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ ХӨТЛӨХ ЖУРМЫН ТӨСӨЛ
2 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТЫН ТӨСӨЛ
Дээш