ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Уг хуралдаанаар Коронавирус халдварт цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуйн нэгжид ажиллагчдын ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд 2017-2020 онд хамрагдан жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, бичил аж ахуйн нэгж, байгууллагын эргэн төлөлтийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хойшлуулах

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2019, 2020 онд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан, 3 буюу түүнээс дээш сарын хугацаанд ажлын байр түрээсэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 11, 12 дугаар сарын ажлын байрны түрээсийн төлбөрийг нөхөн төлөх

-Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр болон Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг авсан, эргэн төлөлт нь дуусаагүй байгаа иргэдэд өөрийн хүсэлтийг үндэслэн нэмэлт санхүүгийн дэмжлэгийг хөтөлбөрт заасны дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр олгох шийдвэрүүдийг гаргаж баталлаа.

Дээрх шийдвэрүүдийг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх ба шаардлага хангасан иргэн, бичил аж ахуйн нэгжүүд өөрийн харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтэст хандан, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, хамрагдах боломжтой юм.

ХНХЯ болон харьяа байгууллагууд арга хэмжээнд хамрагдах иргэн, бичил аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх бөгөөд Улсын онцгой комиссын шийдвэр, “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын холбогдох дүрэм, журмыг чанд сахиж, цахим болон утсаар холбогдох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллана.

Дээш