“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй удирдагчдыг КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэлд хүртээмжтэй хариу үзүүлэхэд дайчлах нь” хөтөлбөрийн хүрээнд анхдугаар цахим хэлэлцүүлэг боллоо

Америкийн төрийн департментийн санхүүжилттэй MIUSA (Mobility International USA) байгууллага болон Сонсголын Бэрхшээлтэй иргэдийн Соёлын Төв ТББ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй удирдагчдыг КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэлд хүртээмжтэй хариу үзүүлэхэд дайчлах нь” хөтөлбөрийн анхдугаар цахим хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 6-нд зохион байгууллаа.

Цахим хэлэлцүүлгийн эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хүн амын хөгжлийн бодлогын төвд байх ёстойг онцолж, салбар дундын бодлого зохицуулалт шаардлагатай байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах нь бидний нэн тэргүүний зорилт гэдгийг цохон тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь дэлхийн 5 оронд буюу Бразил, Гайти, Монгол, Нигер, Шри Ланка, Сьерра-Леоне зэрэг улсуудад хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн гол зорилго нь КОВИД-19 цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах хүртээмжтэй үйлчилгээг сурталчлах ажилд дайчлах болон энэ хүрээнд Засгийн газрын байгууллагууд, олон нийт, хөгжлийн байгууллагууд болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй удирдагчдын хооронд түншлэлийг бэхжүүлэх юм. Улмаар төрийн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд таниулах чиглэлээр гарын авлага гаргахаар төлөвлөж байгаа юм.

Энэхүү цахим хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй лидер эмэгтэйчүүд, жендерийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийт 30 гаруй төлөөлөгчид оролцож, үзэл бодлоо илэрхийлэв.

Дээш