Сайн дурын даатгал хариуцсан байцаагч, сургалтын мэргэжилтэн, архивын ажилтнуудад зориулсан сургалт болж байна
Нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, үйлчилгээний тасгийн дарга, тэтгэвэр, тэтгэмж, орлого шимтгэл, хяналт шалгалт, сайн дурын даатгал хариуцсан байцаагч, сургалт хариуцсан мэргэжилтэн, архивын ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. Сургалтаар Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар түргэн шуурхай хүргэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй сайн дурын даатгалын цахим үйлчилгээ, архивын программын хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголт өгөх юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэхийн тулд цахим үйлчилгээг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд анхан шатны нэгжийн үйл ажиллагаа, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын харилцаа, хандлага чухал болохыг онцлов.
Сургалтаар Нийгмийн даатгалын байгууллагын лавлагаа, тодорхойлолт олгох зааврыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, гар утасны аппликэйшн, сайн дурын даатгалын цахим үйлчилгээ, ёс зүй, харилцаа хандлага, Нийгмийн даатгалын нэгдсэн системийн танилцуулга зэрэг сэдвээр илтгэж асуултад хариултаар үргэлжилнэ.