Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт үргэлжилж байна
Улаанбаатар хотод 21 аймаг, нийслэл, 9 дүүргээс цугларсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдын сургалт хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр дуусч байна. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаа ба бичил уурхай" сэдэвт уг сургалтыг ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зохион байгуулж буй юм. Сургалтад нийт 50 орчим албан хаагч оролцсон.
Энэ удаагийн сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх асуудал, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулахад анхаарах асуудлууд, хяналтын тогтолцоо зэрэг сэдвээр хууль, эрх зүйн хүрээний мэдээллийг өгсөн. Харин өнөөдөр буюу сургалтын хоёр дахь өдөр Бичил уурхайн аюулгүй ажиллагааны асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл, сургалт, заавар зөвлөмжийг албан хаагч, мэргэжилтнүүдэд хүргэж байгаа юм.