Дэлхийн банк: Өнөөдөр монголын эдийн засгийг уул уурхайн салбар тодорхойлж байгаа ч ирээдүйд монгол хүний оюун ухаан тодорхойлох хэрэгтэй

"УУЛ УУРХАЙ БА ОЮУН УХААН, Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь" тайланг Дэлхийн банк өчигдөр танилцуулсан. Тус тайлангийн нээлтэд Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцлоо.

Тайланд сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг зөвлөсөн байна.

Монгол Улс уул уурхайн томоохон орд газруудаа 2004 оноос ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг жил бүр дунджаар 7.2 хувиар өсжээ. Эдийн засгийн энэхүү өсөлт нь ядуурлыг багагүй бууруулж амьжиргааны түвшинг ахиулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хүн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн гучаад жилийн хугацаанд сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна.

Дээрх ололт амжилтын дийлэнх нь хэт хавтгайрсан нийгмийн халамжийн тогтолцоо, мөн уул уурхайн орлого болон гадаад эх үүсвэрээр санхүүжсэн их хэмжээний улсын хөрөнгө оруулалтаас голлон шалтгаалсныг тус тайланд онцолжээ.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дэлхийн банкнаас гаргасан судалгааны тайланд хүмүүсээ хөгжүүл, оюун ухааныг дэмжих талаар тусгасан байна. Манай салбарт тэр дундаа нийгмийн халамжийг хэт хавтгайруулан олгож байгаа нь иргэдийг хөдөлмөр эрхлэхээс татгалзахад хүргэж байна. Тиймээс салбараа бүрэн цахимжуулах ажилд онцгой анхаарна. Цахимжсанаар хэн хаана хэдэн төгрөгийн халамж авч байна, тухайн халамж авч байгаа өрхөд хөдөлмөр эрхлэх насны хэдэн хүн хаана, юу хийж байгаа зэргээр мэдээлэл нь ил тод болоод ирнэ. Ингэснээр зорилтот бүлэгт халамжийн үйлчилгээг хүргэнэ. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдэд Мэргэжлийн боловсрол сургалтын салбараар дамжуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Энэ салбарт халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг баримтлан ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Дээш