Олон Улсын Вангардын дээд хэмжээний уулзалт боллоо
Финлянд Улсын нийслэл Хелсинки хотод болсон Вангардын Дээд хэмжээний уулзалтад ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Ундралаар ахлуулсан төлөөлөгчид оролцов.
Хөтөлбөрийн эхний өдөр төлөөлөгчид Финляндын олон улсад сайн туршлага болсон “Нэн тэргүүнд оронд байраар хангах” бодлогын талаарх илтгэлүүдийг сонсож, энэхүү бодлогын хүрээнд гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг хотхон хэлбэрээр байрлуулах үйлчилгээ үзүүлдэг болон өдрийн үйлчилгээг гэр оронгүй хүмүүст үзүүлдэг Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Хөтөлбөрийн хоёр дахь өдөр Б. Ундрал панел хэлэлцүүлэгт оролцон Монгол Улс дахь гэр оронгүйдлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид гэр оронгүйдлийг тэглэхэд бодлого, нөлөөллийн үйл ажиллагаа хийх хэрэгцээ шаардлага, төлөвлөгөөг дурдаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэсэн.
Хөтөлбөрийн гурав дахь өдөр Вангард хөтөлбөрийн бусад улс, орны илтгэлүүдийг сонсож, “Когнос интернэйшнл” ХХК-ийн захирал Ө.Эрдэнэчимэг “Гэр оронгүйдлийг тэглэхэд судалгаа, нотолгооны үүрэг, хувь нэмэр” сэдэвт панел хэлэлцүүлэгт оролцов.
Энэ жилийн Дээд хэмжээний уулзалтад Монгол Улс цаашид гэр оронгүйдлийг тэглэхийн тулд бодлогын нөлөөлөл хийж, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах үүрэг, амлалтаа бататган оролцлоо.