Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журмын төсөлд санал авч байна
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.
Та бүхэн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон журмын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.