Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар шинжээчдийн түвшний хэлэлцээг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол, Австри улсын иргэд нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар шинжээчдийн түвшинд ажиллаж байгаа ба шинжээчдийн ажлын хэсгийн эхний уулзалтыг 2024 оны 2 дугаар сарын 27, 28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Австри талын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хүлээн авч уулзаж, хэлэлцээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Австрийн талаас Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сувилахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Олон улсын нийгмийн даатгалын газрын дарга Бернхард Шпийгел нар хамтран даргалан ажиллав.
Уулзалтаар Хэлэлцээрийн зарчим, хамрах хүрээ, ерөнхий агуулгыг шинжээчдийн түвшинд хэлэлцэн тохиролцож, дараагийн шатны хэлэлцээг 2024 оны 5 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо.
Дээш