Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Соёлын яаманд ажиллалаа

Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын зохицуулалтыг сайжруулах болон Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар батлагдсан удирдамжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан гишүүдийн төлөөлөл 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Соёлын яамны төлөөллүүдтэй уулзалт хийн, санал солилцлоо.


​Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Зөвлөлийн гишүүн П.Цэвээн, Э.Оюунтунгалаг, Д.Энхтуяа, Д.Ундраа, Ажлын албаны дарга Ш.Чинбат болон холбогдох албан хаагчид оролцов.​


​Соёлын яамны зүгээс тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан холбогдох газрын дарга нар, мэргэжилтнүүдийн хамт оролцож, салбарын хүүхэд хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар болон цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг танилцууллаа.


Тус яамнаас Хүүхэд хамгааллын бодлогыг салбарынхаа хууль тогтоомж, стандартад нийцүүлж өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, салбарын хөгжлийн онцлогийг тусган, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд мөрдөж ажиллахаар боловсруулан баталж, хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг онцоллоо.


​Хүүхдэд ээлтэй орчныг илүү бэхжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн зөвлөмж, арга зүйн хүрээнд дараах арга хэмжээг анхааран ажиллахыг зөвлөлөө. Үүнд:

-Хүүхэд хөгжил, соёл урлагийн орон зайг өргөжүүлэх, хамрах хүрээг тэлэх,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэсний цөөнх хүүхдийн хөгжлийг дэмжих арга хэмжээг өргөжүүлэх,

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлэх хүрээнд хүүхдэд зориулсан соёлын эрхийн бичгийг бий болгох,

-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн ордон зэрэг хүүхдийн төлөө байгууллагын бүтээн байгуулалтад зарцуулах саналыг дэмжих,

-Соёл, урлагийн салбарт хүүхдийн хөдөлмөрийг хориглох. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдүүлэх,
-Хүүхдэд соёлын үйлчилгээ үзүүлэгчдийн хүүхдийн эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Дээш