Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь ... аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, сум, дүүргийн тасаг, нийгмийн даатгалын байцаагч, ажилтнаас бүрдэнэ” гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, .... шийдвэрлэх зөвлөлтэй байна” гэж тус тус зааснаар аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь Эрүүл мэндийн магадлалын зөвлөл болон өөрчлөгдсөн.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2023 оны 12 дугаар 13-ны өдрийн “Дүрэм батлах тухай“ 448 дугаар тогтоолын хавсралтаар “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг баталсан. Тус дүрмийн  2.10-т “Аймаг, дүүргийн магадлалын зөвлөлийн дарга нь аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга байна” гэж заасан.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулав.

Та бүхэн "Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ТОГТООЛ
2 ТАНИЛЦУУЛГА
Дээш