“Тогтоол хүчингүй болгох тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.30 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж, 17 дугаар зүйлийн 17.4-т “Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээлэлд хяналт тавих, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан.
Хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагатай.
Иймд “Тогтоол хүчингүй болгох тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулав.
Та бүхэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.