“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн 14 дэх хэлэлцээг зохион байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг хэлэлцэх Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан 2018 оноос хойш нийт 14 удаа хэлэлцээ хийгээд байна.
Шинжээчдийн түвшний 14 дэх удаагийн хэлэлцээг 2023 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр Астана хотод зохион байгуулж, Монгол талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Казахстан талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Олон улсын хамтын ажиллагаа, интеграцийн газрын дарга Асансеитова Саадат Муханбетовна нар ахалж ажиллалаа. Энэ удаагийн шинжээчдийн уулзалтаар хэлэлцээрийн төсөл, мэдээлэл солилцох маягтыг эцэслэн боловсруулсан бөгөөд хоёр талын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж дараагийн хэлэлцээг 2024 оны гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзлээ.
Гадаад харилцааны яамны мэдээллээр БНКазУ-д Монгол Улсын 5,195 иргэн оршин сууж байгаагаас 3,120 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээгээр Монгол Улсад БНКазУ-ын 519 иргэн оршин сууж байгаа бөгөөд үүнээс 63 иргэн хөдөлмөр эрхэлж байна.
“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлагдсанаар хоёр улсад ажилласан (даатгуулсан) хугацааг нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ 2 улсаас авах эрх зүйн орчин бүрдэж иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа сайжрах чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн, Монгол Улс нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлийг хийж байгаатай холбогдуулан БНКазУ-ын нийгмийн халамжийн тогтолцоотой танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Казахстан улсын нийгмийн хамгааллын цахим систем, зорилтот бүлгийг тодорхойлох аргачлал болон түүгээр дамжуулан үзүүлж байгаа халамжийн ижил төстэй хөтөлбөрүүдийн талаар харилцан туршлага судалж, тус улсын төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дээш