Барилгын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, ажилтнуудад өгөх зөвлөмж
Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран
“Барилгын байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аян”-ыг
зохион байгуулж байна.
Барилгын салбарт гарч буй нийт ослын 60 орчим хувь нь өргөх, зөөх тоног
төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаа, уналт нуралтаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт
хангалтгүйгээс, 20 гаруй хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй
суралцсан хүчин зүйлээс шалтгаалж байна.
Энэ нь барилгын
салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль,
дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй
хийдэг, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтад
хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, барилгын ажилчид ажлын тусгай
хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй,
хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа
ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна.
Иймд барилгын салбарын
үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг
хангуулах чиглэлээр дараах ЗӨВЛӨМЖИЙГ
хүргүүлж байна.
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль,
тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын
хэрэгжилтийг барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат
дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах;
2.
Барилгын ажлыг шинээр эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх
төлөвлөгөө” боловсруулж, ерөнхий захиалагч компанийн захирлаар батлуулан
ажиллах ба энэ төлөвлөгөөнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдын
эрүүл мэндийг хамгаалах, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх,
холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, барилгын ажлын үе шат бүрт
авах ХАБЭА-н арга хэмжээг барилгын ажил
эхлэхээс улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх хугацааг хамруулан нарийн
төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
3.
Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-н орон тооны бус зөвлөл,
үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг
орон тоо, бүтцээр нь ажиллуулж, мэргэшүүлэх;
4.
Барилгын үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүсийг барилгын ажилбар
бүрт урьдчилан тогтоож, сэргийлэх дохио,
санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ
тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж байх;
5. Захиалагч нь ерөнхий
гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудтай
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар
хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАБЭА-н арга хэмжээнд шаардагдах зардлыг
тодорхой тусгасан байх;
6.
Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгч нь сургалтад
хамрагдаж, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй байгууллага, мэргэжлийн бус
иргэдээр ажил гүйцэтгүүлэхийг бүр мөсөн зогсоох;
7.
Барилгын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа ачаа өргөх, зөөх, буулгах тоног
төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн
байдлыг тогтмол хянах, өргөх
байгууламжийн мэргэжлийн ажилтнууд /кранчин, өргүүрийн операторчин, лифтчин гэх
мэт/-ыг авч, ажиллуулах, аюулгүй ашиглах дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах;
8.
Барилгын үндсэн хийцийн ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллага, ажилтнаар
гүйцэтгүүлж байх;
9. Ажилтанд ажлын талбай дээр ундны цэвэр ус, түр амарч
дулаацах, сэрүүцэх, хооллох байраар хангах, ажлын байранд гэмтэл, бэртэл
тохиолдох үед үзүүлэх анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангуулах;
10.
Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамруулж, шалгалт авч хэвших,
ажилтан хүн өөрийгөө болон хамтран
ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах соёл, дадал, заншлыг
ажилтан бүрт эзэмшүүлэх;
11.
Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө 5 минутын мэдээлэл хийж, аюул
осол гарч болзошгүй эрсдэлийн талаар
анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж
зааварчилгааг өгдөг ажлыг барилгын компани бүр хэвшил болгох;
12.
Барилгын компанийн удирдах ажилтнууд,
даамал, инженер техникийн болон ХАБЭА-н албаны ажилтнуудыг оролцуулан хуваарь
гаргаж, өдөр бүр барилгын үйлдвэрлэл явагдаж байгаа ажлын талбай дээр жижүүр
хийж, дотоод хяналтыг зохион байгуулж ажиллах. Тухайн өдрийн жижүүр нь барилгын
ажлын талбай дээр үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэх, илрүүлэх, засуулах, эрсдэлийг
арилгах зэрэг арга хэмжээг авч, тухайн өдрийнхөө ХАБЭА-н нөхцөл байдлын талаар
маргааш өглөө нь мэдээлэл хийдэг байх;.
13. ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байгаад өндөр насны
тэтгэвэрт гарсан ажлын туршлага, дадлага, мэдлэгтэй ахмадуудтай гэрээ
байгуулан, тодорхой асуудал хариуцуулан
ажиллах.
Энэхүү
ЗӨВЛӨМЖ-ийг ажилтан, ажил олгогч Та бүхэн барилгын салбарын аж ахуйн нэгж,
байгууллага бүр дээр хэрэгжүүлэхэд санаачилгатай хандаж, өдөр тутмын үйл
ажиллагаанд хэвшүүлж мөрдөхөд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ