"Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид туслалцаа үзүүлэх" төслийн хаалтын арга хэмжээ боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид туслалцаа үзүүлэх” төслийг 5 жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү төсөл нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх замаар холбогдох бодлого, хөтөлбөрт нөлөөлөх, хэрэгжилтэд олон талт оролцоог нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хэрэгжсэн.
Төслийн гүйцэтгэгч байгууллагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах чиглэлээр 2000 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Хүйсийн тэгш эрх төв ТББ ажилласан юм.
Төслийн хаалтыг олон салбарын төлөөллийг оролцуулсан бага хурал хэлбэрээр зохион байгуулж, мөн уран бүтээлчдийн дунд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зарласан уран бүтээлийг шалгаруулж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо.
“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тогтвортой байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” олон улсын бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нээж, энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэн болохыг онцолсон.
Тус бага хуралд Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн төлөөлөл, Соёлын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, болон дүүргүүдийн сургалтад хамрагдсан алба хаагчид, даван туулагчид, Олон Улсын байгууллага, төрийн бус байгууллагын нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Дээш