“ДААТГУУЛАГЧ ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.
Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр тогтоолыг мөрдөж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно” гэж заасан.
Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны А/72 дугаар тушаалаар “Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг мөрдөн ажиллаж байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагссалт, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ”Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.
2022 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг-162,283 хүнд 27.4 тэрбум төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг-58,471 хүнд 121.0 тэрбум төгрөг, оршуулгын тэтгэмжийг-14,215 хүнд 14.2 тэрбум төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийг-30,516 хүнд 78.7 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Харин 2023 оны 9 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг-104,067 хүнд 22.6 тэрбум төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг-46,117 хүнд 108.1 тэрбум төгрөг, оршуулгын тэтгэмжийг-10,597 хүнд 21.2 тэрбум төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжийг-23,143 хүнд 80.4 тэрбум төгрөг тус тус олгосон байна.
Журмыг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтээс дараах байдлаар санал авч ажиллав. Үүнд:
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/176 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар ажлын хэсэг байгуулж ажиллав.
Энэхүү ажлын хэсэг 3 удаа хуралдаж, журмын төслийг боловсруулав.
Иргэд, ажил олгогч, даатгуулагч, хүн, төрийн бус байгууллага та бүхэн “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг, тэтгэмж олгох журам”-ийн боловсруулсан төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.