Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүнд олгох цагийн хөлсний хэмжээ, олгох журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны
өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн
даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай
хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын
сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас
олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж,
төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар
зүйлийн 37.8-д “Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын
хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан
шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл /цаашид
"төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл /цаашид
"салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын
газрын дэргэд тус тус ажиллуулна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т
“Төв зөвлөл болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, салбар зөвлөлийн нарийн
бичгийн даргад хуралд оролцсон цагийг харгалзан цагийн хөлс олгоно” гэж, мөн
зүйлийн 42.11-т “Энэ хуулийн 42.10-т заасан цагийн хөлсний хэмжээ, олгох журмыг
хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”
гэж тус тус заасан.
Иймд
хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагийн хөлсний хэмжээ, олгох журам батлах
тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төслийг тус
тус боловсруулав.
Та бүхэн “Цагийн хөлсний хэмжээ, олгох журам батлах тухай” Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн
даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон журмын
төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.