Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны
өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн
даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай
хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын
сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас
олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж,
төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль
/шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Тэтгэвэр
тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт,
тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар
батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах
зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төслийг
тус тус боловсруулав.
Та бүхэн “Журам батлах тухай” Засгийн газрын төсөл, журмын
төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон журмын төслийг бүрэн эхээр нь татаж
авна уу.