Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн төслийн модуль сургалт эхэллээ
“Тэгш тусгал” ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь 2023-2026 онд хэрэгжих бөгөөд гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжихэд чиглэж байгаа юм.
Төслийн хүрээнд цувралаар зохион байгуулах Модуль сургалтын нээлт өнөөдөр болж, ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир оролцлоо. Модуль сургалтыг оролцогч байгууллагуудын чадавхыг судалж, сургалтын хэрэгцээг тодорхойлсны үр дүнд боловсруулан бэлтгэсэн бөгөөд агуулга нь иргэний нийгмийн байгууллагууд санхүүгийн эх үүсвэр, нөөцөө хэрхэн бүрдүүлэх, байгууллагын засаглалыг бэхжүүлэх, санхүүгийн удирдлагыг хэрхэн зохион байгуулахад чиглэгдсэн.
ХНХЯ, ХБХХЕГ, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг Модуль сургалтад оролцох байгууллагуудыг үе шаттай сонгон шалгаруулахад хамтран ажилласан бөгөөд УБ хот болон хөдөө орон нутгаас байгууллагууд хүсэлт ирүүлснээс нийт 20 байгууллага сонгогдсон байна.
Сонгогдсон байгууллагууд төсөл хэрэгжих хугацаанд хамтран суралцах, сурснаа дадлага болгон хэрэгжүүлэх, сайн туршлагаа хуваалцах, бичил төсөл хэрэгжүүлэх бөгөөд төрийн байгууллага, шийдвэр гаргагчидтай хамтын ажиллагааг бодит түвшинд өрнүүлэх, хувийн хэвшил, олон нийтэд ойлголт мэдлэг түгээх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад хамтран ажиллах юм.