ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5633:2019 СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх нийтлэг шаардлагыг тогтоон мөрдүүлж байна.

Тус стандартын шинэчилсэн найруулгыг “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар баталсан.

Стандартад дараах зохицуулалтыг шинээр орууллаа: Үүнд

- Нүүдэлчин зуслан, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, Амьдрах ухаан, хөдөлмөрийн дадал олгох зуслан зэрэг нэр томьёо, тодорхойлолтыг шинээр тусгаж, хүүхдийн зуслангаар дамжуулан нүүдлийн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах боломжийг бүрдүүлэх;

- Хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь Монгол Улсад бүртгэлтэй, стандартад заасан шаардлагыг бүрэн хангаж, тохирлын баталгаанд заавал хамрагдсан байх;

- Зуслангийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн хөтөлбөрийн хэлбэр, онцлогоос хамааран хүүхэд байрлах амрах байрыг гэр, майхан хэлбэрээр зохион байгуулах; 

- Гадаад улсаас ирж амарч байгаа хүүхдийг аялал жуулчлалын гэнэтийн ослын даатгал заавал хийлгэсэн байх зэрэг олон зохицуулалтыг нэмж тусгалаа.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 5633:2023 стандарт батлагдсанаар Соёлын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээний төлөвлөгөө (2023-2024)-г хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа-Ерөнхий шаардлага - MNS5633-2023
Дээш