Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм батлагдлаа
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.12-т “Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл болон салбар зөвлөлийн эрх, үүрэг, хурлын дэг, маргаан шийдвэрлэх үйл явц, ажлын тайлан, хариуцлага зэрэг харилцааг зохицуулсан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон дүрмийн төслийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэхүү дүрэм батлагдсанаар даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллага хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдэнэ.