ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ! - Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт гэж юу вэ?
Таны хүүхэд бага насандаа буюу 0-3 настайдаа бусадтайгаа хамт тоглохгүй, үеийнхнээсээ хоцорч хэлд болон хөлд орохгүй, харилцааны хувьд ямар нэг асуудалтай байгаа бол анхаараарай. Өрхийн эмч, цэцэрлэгийн эсвэл сургуулийн багш нар, харьяаллын баг, хорооны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст хандаж хүүхдийнхээ өсөлт, хөгжил хэвийн эсэхэд хяналт тавих нь зүйтэй. Мөн гэр бүлээрээ байнга анхааралтай ажиглах хэрэгтэй юм.
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр та хүүхдээ хугацаа алдахгүй эрт хөгжүүлэн, хоцрогдол, бэрхшээлээс улбаалж гарч болзошгүй хоёрдогч бэрхшээлээс сэргийлж чадна. Мөн хожим гарах эмчилгээ, сувилгааны болон бусад зардлыг хэмнэж хүүхдийнхээ ирээдүйн амьдралын чанарт маш том өөрчлөлтийг бий болгож чадна.
Жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиодог. Хүүхдийнхээ хөгжлийг дэмжицгээе!
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс
-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл.
Бага насны хүүхдийн хөгжил: Бага насны хүүхдийн хөгжил болон хүүхэд өсгөх орчны талаар таны мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор бүтээсэн “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” видео хичээлийг толилуулж байна.
Уг хичээл нь бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон хүүхдийн хөгжлийг дэмжиж ажилладаг өрхийн эмч, сувилагч, цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, нийгмийн хамгааллын мэргэжилтнүүд, түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудад зориулагдсан болно.
Видео хичээлийн агуулга:
Видео хичээлд 4 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг
1) Биеийн байрлал, хөдөлгөөн
2) Хараа, сонсгол
3) Эрэлхийлэх, удирдах
4) Ой тогтоолт
5) Хэл яриа
6) Нийгэмшихүй гэсэн 6 айд авч үзсэн. Эдгээр ай тус бүр нь харилцан уялдаатай хөгжиж, хүүхдийн амьдрах чадвар, оюун ухаан, нийгэмд дасан зохицох чадварын үндэс суурь нь болдог ба аль нэг айд хөгжлийн асуудал илэрвэл, тэр нь хүүхдийн ерөнхий хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тиймээс хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлж, хөгжлийн дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь ихээхэн чухал юм.
Аутизм: Аутизмын хүрээний эмгэг гэж юу болох, хэрхэн оношлох, аутизмтай хүүхдийн зан үйлийн болон бусад онцлогууд, хүүхэдтэй ажиллах арга барилын талаар өгүүлсэн видео хичээлийг танд толилуулж байна.
Дауны хам шинж: Дауны хам шинж гэж юу болох, шинж тэмдгүүд, уг эмгэгийн оношилгоо болон даунтай хүүхдийн хөгжлийн болоод үйлийн онцлог, хавсран илэрдэг эмгэгүүдийн талаар, мөн даунтай хүүхэдтэй ажиллах арга барил болон бусад мэдээллийг энэхүү видео хичээлээс хүлээн авч үзнэ үү.
Дауны хам шинжийг эрт илрүүлэлт, эрт оролцоо, хөгжлийн дэмжлэг нь маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл дауны хам шинжтэй хүүхдийн онцлогийг ойлгож, тохирох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдэд хамруулах нь хамгийн чухал юм. Даунтай хүүхдийн чаддаг зүйлийг нь хөгжүүлэх замаар хөгжлийг дэмжих арга хэмжээ авснаар хүүхдийн ирээдүйн амьдралын чанарыг сайжруулж чадна.