"Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зөвлөхүүдтэй санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран “Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн зөвлөхүүд 2023 оны 8 сарын 29-өөс 09 сарын 14-ний хооронд Монгол Улсад ажиллаж байна.
Профессор Пак Сүн Вон тэргүүтэй зөвлөхүүдийн багийн тавьсан хүсэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хүлээн авч ажил хэрэгч уулзалт хийлээ.
Уулзалтаар төрийн удирдах өндөр албан тушаалтан болон дунд шатны албан хаагчдад шаардлагатай ур чадварын талаар санал солилцсон.
Төслийн багийнхан Монгол улс дахь төрийн байгууллагын удирдах өндөр албан тушаалтан, гүйцэтгэх албан хаагчидтай уулзалт хийж, гарсан саналд тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, удирдах болон дунд шатны албан тушаалтныг чадавхжуулах сургалтыг салбар бүрийн онцлогт нийцүүлэх нь зүйтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тухайд хүнд чиглэсэн ажил эрхэлдэг учраас харилцаа хандлага, үнэ цэнэ, ёс зүйн болон техник технологийн хурдтай хөгжлийг дагасан шинэ программ, мэдээллийн технологийн сургалт түлхүү шаардлагатай байдаг талаар санал бодлоо хуваалцлаа.