“Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт” хамтарсан тушаалын төсөлд санал авч байна.

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна.

Дээрх тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн.

 

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчлэсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг эцэслэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.

 

Иймд “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт батлах Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөл боловсрууллаа.

 

2022 оны жилийн эцсийн байдлаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн тоо 103.2 мянга байгаа нь манай улсын нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна.

 

            Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 103.2 мянган даатгуулагчийн 46.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 53.5 хувь нь 70 хүртэл хувиар буюу хагас (хэсэгчилэн) алдсан байна.

 

Хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний 59.6 хувь нь эрэгтэй, 40.4 хувь нь эмэгтэй байна.

 

            2022 онд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа алдсан 64.7 мянган тэтгэвэр авагчид 346.7 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас 38.5 мянган тэтгэвэр авагчид 114.3 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.

 

            Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан голлох 5 шалтгаанд дотрын өвчин, сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин, гэмтэл согогийн болон нүдний өвчнүүд орж байна.

 

Шинэчилсэн өвчний жагсаалтын 3 дугаар бүлгийн 3.32а заалт “Хепатитийн B, Делта вирусийн шалтгаант архаг үрэвслийн  үед Пег-интерферон эмчилгээ хийх хугацаанд” гэснийг Хепатитийн B, Делта вирусийн шалтгаант архаг үрэвслийн  үед Д вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ (пег-интерферон, булевиртид, лонафарниб) эмчилгээ хийх хугацаанд” гэж өөрчлөлт оруулав.

  Иймээс иргэд, ажил олгогч, даатгуулагч хүн, төрийн бус байгууллага та бүхэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтхамтарсан тушаалын боловсруулсан төсөлд санал хүсэлтээ ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.                                                           

                                    

Хавсралт файл
Гарчиг Татах
1 хавсралт 1
2 хавсралт 2
Дээш