ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ “ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг баталж, мөрдөн ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг эцэслэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.4-д “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм,  энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасан.

Иймд уг дүрмийг шинэчилэн боловсруулж, батлуулах шаардлагатай болсон тул Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

            Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас  хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 2021 онд 105607 байсан бол 2022 онд 103 235 байна.  

 

            Харин хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг  эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 103235 байгаа нь 2021 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад 2372-оор буурчээ.

 

            2022 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг  тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 103235 байгаа нь манай улсын нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна.

 

             Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 103235 даатгуулагч (иргэн)-ийн 46.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 53.5 хувь нь 70 хүртэл хувиар буюу хагас (хэсэгчлэн) алджээ.

 

Хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний 59.6 хувь нь эрэгтэй, 40.4 хувь нь эмэгтэй байна. Мөн насны хувьд 16-19 насны бүлэг 2.6%, 20-30 насны бүлэг 12.8%, 31-40 насны бүлэг 22.3%, 41-50 насны бүлэг 31.6%, 51-55 насны бүлэг 17.3%, 56-59 насны бүлэг 9.2%, 60 ба түүнээс дээш насны бүлэг 4.2% тус тус байна.   

 

            Энэхүү хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 64717 нь нийгмийн даатгалын сангаас, бусад нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

 

            Хөдөлмөрийн чадвар алдсан 5 гол өвчний шалтгааныг сэтгэцийн эмгэг, дотрын өвчин, мэдрэлийн өвчин, гэмтэл согогийн өвчин, нүдний өвчин, нийт 77.9 хувийг тус эзэлж байна.             

 

            Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгуулагч (иргэн)-д шударга, чанартай, түргэн шуурхай, ил тод, тэгш хүртээмжтэй үзүүлэх, шуурхай зохион байгуулах, хяналтыг сайжруулах, шинээр батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.

 

Засгийн газрын тогтоолоор “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг баталснаар эрүүл мэндийн магадлалын магадлах үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, даатгуулагч хүнд эрүүл мэндийн магадлалын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулах, ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

             

     Иргэд, ажил олгогч, даатгуулагч хүн, төрийн бус байгууллага та бүхэн “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийн шинэчлэн боловсруулсан төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Төсөл
Дээш