Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 2, 3 дахь тайланг хамгааллаа

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Хорооны 29 дүгээр хуралдаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцэж байна.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан салбар дундын ажлын хэсгийн гишүүд тус конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2012 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж, мөн хорооноос ирүүлсэн 54 богино асуумжийн  дагуу тайлан хэлэлцүүллээ.

Монгол Улс 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталж, конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.   

Анхны тайланг 2011 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд илгээсэн бөгөөд тус тайланг 2015 онд хэлэлцэж, Засгийн газарт 37 зөвлөмж, 3 шаардлага, 1 хүсэлт ирүүлсний дагуу Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор “Конвенцыг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажилласан. 

Түүнчлэн 2018 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн 54 богино асуумжийн дагуу Засгийн газрын 2 болон 3 дугаар тайланг боловсруулж төр, төрийн бус байгууллагаар хэлэлцүүлэн 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн хороонд хүргүүлсэн юм. 

Ээлжит тайланг хамгаалах Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг сайжруулан үйлчилгээ бүрийг цахимжуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжоо конвенцод нийцүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ.

Дээш