Залуучуудын есдүгээр чуулганыг угтан дэд хэлэлцүүлэг зохион байгуулав
НҮБ-аас 2023 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын байгальд ээлтэй ногоон ур чадвар: Ээлтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө” сэдвээр зохион байгуулах уриаг дэвшүүлсэн.
Үүнтэй уялдуулан Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ) нь “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Чуулганаар “Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан дэд хэлэлцүүлгүүдийг залуучуудын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог ханган зохион байгуулж байна.
Өнөөдөр эхний дэд хэлэлцүүлгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулж, “Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийн зохицуулалт”, “Залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлууд” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын төсөл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг танилцуулан санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт МЗЭ болон залуучуудын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ-ын залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэсний чуулганд хэлэлцүүлэх баримт бичигт тусгах юм.