Амьжиргааг дэмжих зөвлөлийн дүрэм”-ийн төсөлд санал авч байна
Нийгмийн халамжийн тухай хуульд зорилтот бүлгийн иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийг сум, хороонд байгуулж ажиллахаар заасан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Зөвлөлийн гишүүнд болон сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын оролцоо, идэвх чармайлтыг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, 27.12-д “Зөвлөлийн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус заасны дагуу Амьжиргааг дэмжих зөвлөлийн дүрмийг “Дүрэм батлах, урамшууллын хэмжээ тогтоох тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/89 дүгээр тушаалаар батлан, урамшууллын хэмжээг 48.000 төгрөгөрөөр тогтоосон.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай үзүүлэх зорилтын дагуу одоогийн байдлаар нийгмийн халамжийн 64 төрлийн үйлчилгээг цахимжуулсан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, хороонд Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж баталж байна.” гэж заасан. Гэвч 2020 оны “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2021 онй 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэж байхгүй болсон тул сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах эрх зүйн субъектгүй болсон. Хороонд Иргэдийн нийтийн хурал хуралдахгүй байгаа болохоор хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлахгүй, тодорхойгүй хугацаагаар ажил зогсох, удаашрах зэрэг асуудал тулгарч байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/16411 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид Амьжиргааг дэмжих зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлах, ажлын ачаалалд нийцүүлэн урамшууллыг сайжруулах талаар дурдсан болно.
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль тус тус батлагдсантай холбоотойгоор, мөн Авлигатай тэмцэх газрын зөвлөмж, нийгмийн халамжийн шинэчлэл, нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилт, цаг үеийн өөрчлөлттэй холбоотойгоор төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, иргэнии хүндрэл чирэгдлийг багасгах зорилгоор “Дүрэм шинэчлэн батлах, урамшууллын хэмжээ тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төслийг боловсрууллаа.
Журмын төсөлтэй танилцаж, саналаа тус яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Naranbayar@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс журмын төслийг татаж авна уу.