НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын тайлан боловсруулах салбар дундын ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа

Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталж, конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын Засгийн газар анхны тайлан илтгэлээ 2011 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд илгээсэн бөгөөд манай тайлан, илтгэлийг 2015 онд хэлэлцэж, Засгийн газарт  37 зөвлөмж, 3 шаардпага, 1 хүсэлт ирүүлсэн. 

Энэ хүрээнд “Конвенцыг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 281 дүгээр тогтоолыг 2013 онд батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан. 

Түүнчлэн 2018 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн 54 богино асуумжийн дагуу Засгийн газрын II, III тайлан, илтгэлийг боловсруулж нэгтгэн төр, төрийн бус байгууллагаар хэлэлцүүлэн 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд хүргүүлсэн. 

Тус хорооноос 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд манай улсын тайлан, илтгэлийг хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдсэн.

Иймд 2020-2023 оны хооронд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээлэл боловсруулж нэгтгэх салбар дундын ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/47 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

Тайлан боловсруулах салбар дундын ажлын хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлыг ажлын хэсгийн дарга, тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир удирдсан бөгөөд хурлаар ажлын хэсгийн гишүүдэд конвенцын тайлан боловсруулалтын явцын мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаарх төрийн бус байгууллагын сүүдэр илтгэл болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийг танилцуулж, анхаарах асуудлуудыг хэлэлцэв.

Дээш