Нийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
“Нийгмийн хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх бэлэн байдлын талаарх үндэсний тайланг
боловсруулан, өнөөдөр хэлэлцүүлэх уулзалт зохион байгууллаа.
Арга хэмжээг Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, ХНХЯ-ны
төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого,
төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон ЭСКАП-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн
Нийгэм, эдийн засгийн шилжилтийн хэсгийн ахлагч Катинка Вэйнбэргэр нар нээж үг
хэлсэн.
Ази, номхон далайн бүсийн хүн амын нийгмийн хамгааллын баталгааг илүү
сайжруулах мөн энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор
НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг, нийгмийн зөвлөлийн гишүүн орнууд “Нийгмийн
хамгааллын асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө”-г 2020 он баталсан.
Төлөвлөгөөг боловсруулах шатнаас батлах хүртэл манай улс идэвхтэй оролцсон
бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлэн байдлын үндэсний түвшний судалгаа, тайланг
боловсруулж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах 6 орны нэгээр шалгарсан.
Тайланг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын тушаалаар байгуулан Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл
мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаас төлөөлөл орж ажилласан юм.
Үндэсний зөвлөлдөх уулзалтаар Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газарт тулгарч буй саад бэрхшээл болон
гаргасан ахиц, амжилтыг тодорхойлох, тайлангийн төслийн үр дүн болон зөвлөмжийг
хэлэлцлээ.