Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран шинээр болон шинэчлэн боловсруулсан хууль, тогтоомжийн хүрээнд Хамтарсан багийн гишүүдэд зориулсан 12 цуврал гарын авлагыг боловсруулаад байна.
Гарын авлагын хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд “Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт”-ыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамгийн олон буюу 43 Хамтарсан багийн 277 гишүүд ажилладаг Баянзүрх дүүргээс эхлүүллээ.
Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах замаар хүчирхийллийг бууруулах, салбар бүрийн үүрэг, оролцоо, иргэд, олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 765 Хамтарсан багийн 5744 гишүүн 2023 оны эхний улирлын байдлаар 12,200 кейс бүртгэж, 7309 шийдвэрлэж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Дээш