Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан "Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолд зааснаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сүхбаатарын талбайд салбарын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээж хэлсэн үгэндээ, “Бид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэн бүрт ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлыг зохицуулсан хуулиудад өөрчлөлт оруулан төрийн албаны цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ” гээд Хүний төлөөх хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт одоо ажиллаж байгаа болон урьд өмнө нь ажиллаж байсан албан хаагч нэг бүрээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үндсэн үйлчилгээг иргэдэд хүргэж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мэргэжлийн сургалтад хамрагдах иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэглэл, ортопед, тусгай хэрэгслийн танилцуулга худалдаа, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, салбарын цахим үйлчилгээний талаарх заавар зөвлөгөө гэх мэт олон талын үйлчилгээг нэг дор хүргэж, салбарынхаа бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулж буйгаараа онцлог юм.
Хүн амын өргөн хүрээний асуудлыг хариуцан “Галын фронт”-д ажилладаг энэ салбарт 4793 албан хаагч хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хүүхэд ахмад насны асрамж хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах нийгмийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн бүхий л бүлэг, иргэдэд хүрч үйлчилж байна.
Энэ цаг үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг шуурхайлан, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлуулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн уялдааг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгаа юм.
Цахимжилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “И-Жоб” платформыг шинээр нэвтрүүлж, Нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 24 үйлчилгээг, нийгмийн халамжийн нийт 68 төрлийн үйлчилгээнээс 64 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлээд байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 15-43 хувиар нэмэгдүүлж бүрэн тэтгэврийн доод хэмжээг сарын 500.0 мянган төгрөгт хүргэлээ.
Төрийн албан хаагчдын цалингийн хэт зөрүүг арилгаж, нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон үндсэн цалинг нэмэгдүүлж, албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг оновчтой тогтоох эхний шатны ажлыг хийгээд байгаа юм.
Дээш